Wednesday, April 27, 2016

Нүүдлийн шувуудын судалгаа

Монгол орны шувуудын судалгааг хөгжүүлэхэд суурин судалгааны ажил маш чухал юм. Суурин судалгааны ажлыг удаан хугацаагаар явуулсаны үндсэн дээр судалгааны олон жилийн мониторингийн маш чухал мэдээлэлтэй болдогийг хөгжилтэй орнуудын жишээн дээрээс харж болно. Манайд одоогоор олон жилийн төлөвлөгөөтэйгээр жил бүр тогтмол ажиллаж байгаа шувуу судалгааны цэг Хурхын хөндийн шувууны суурингаас өөр алга байна. Энд судлаачид цэн тогоруу, өвөгт тогоруу, болон усны хэд хэдэн зүйлийн шувууны судалгааг хийхэээс гадна жижиг шувуудын нүүдлийг судлах ажлыг 2015 оноос хойш эхлүүлээд байна. 


Холтсон гоётуул суллан тавих мөч

Манай оронд Орос-Монголын, Герман-Монголын, Унгар-Монголын хамтарсан экспедицүүдийн болон үндэсний шувуу судлаачдын ажлын хүрээнд жижиг шувуу барьж бөгжлөх ажил сүүлийн 50 гаруй жил хийгдсэн байдаг. Хэдий тийм боловч Монгол орны нүүдлийн шувуудын судалгаанд жижиг шувууг хавар, намрын улиралд барьж бөгжлөх ажил дутагдалтай хэвээр байсаар байна. 

Зүүнбаянгийн ам, Хурхын хөндий

Бид Хэнтийн нурууны зүүн өмнөд хэсгээр дамжин өнгөрч буй шувуудын нүүдлийн онцлогийг мэдэх, сонгож авсан газрыг ашиглан жижиг шувуудын нүүдлийг удаан хугацаагаар судлах суурин судалгааны цэг бий болгох боломжыг тандах зорилгоор Хурхын хөндийн Зүүнбаянгийн аманд шувуу барих, бөгжлөх ажлыг хийж байна.

Судалгааны цэг нь Хурхын хөндийн Хулст толгойгоос (цэн тогорууны төслийн судалгааны суурингаас зүүн тийш 14 км зайд байрлах Зүүнбаянгийн голын дунд биед оршино. Зүүнбаянгийн гол нь уртаашаа 13 км үргэлжлэх ба дунд хэсэгтээ зурвас бургасан шугуйтай ба бургасан шугуй нь ойролцоогоор 3-4 км үргэлжлэх ба урдаасаа хойш сунан тогтсон байдал нь хавар, намрын улиралд жижиг шувууд дамжин өнгөрөх таатай нөхцөлийг бүрдүүлдэг учир тор тавьж шувуу бөгжлөхөд нэн тохиромжтой байршил юм.

Өдний гуужилт, бүтцийг гар дээрээ барьж судлах боломжтой

Та бүхнийг завтай үедээ энэ нутгаар зочилон ирж, нүүдлийн олон жижиг шувуудыг 
ойроос харан гартаа барьж, тэдний дуу болон өнгөний гайхам хослолыг харан баясаж, амьдралтай дотно танилцахыг урьж байна.

Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв
ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн